Шив шинэ Пандораг нээн харуулах “Аватар: Гал ба үнс” хэмжээ, төсөөллийн хувьд өмнөх ангиудаа давж гарчээ.
“Аватар” цуврал шинэ анги нээх болгондоо үзэгчдийн төсөөллөөс давсан гайхалтай дүрүүдийг бүтээж ирсэн билээ. Энэ удаа ч гэсэн зөвхөн “Аватар: Гал ба үнс”-ээс үзэж болох онцгой дүрүүдийг бүтээж бусдаас өөр гэдгээ нотолжээ.
Юуны өмнө харсан даруйд л гайхаш төрүүлэм “медусойд”, “виндрей” анхаарал татна. Пандорагийн цэлгэр тэнгэрт дүүлэх аварга том энэ хоёр амьтанд салхич худалдаачид аварга гондола зүүж ашигладаг. Медусойд нь 152м аварга том далайн залхаг шиг амьтан бөгөөд сэвэлзүүр салхины аясаар хөдөлнө. Далайн арваалжаас санаа авч бүтээсэн виндрей нь гондолаг хөтлөх үүрэгтэй. Кино багийнхны хязгааргүй төсөөллөөс урган гарсан эдгээр гайхалтай амьтад дэлгэцнээ зочилж үзэгчдийн сэтгэлийг хэрхэн булаахыг хүлээн сууя.
Үнсний овогтой цуг гарч ирж оршихуйгаа бодитой мэдрүүлэх “найтрэйс” мөн адил үзэгчдийг алмайруулна. Агаарт хурдтай зорчих найтрэйс хар өдтэй бөгөөд, толбот хээ нь онцгой сэтгэгдэл төрүүлнэ. Уур хилэн нь бадарсан үнсний овгийн толгойлогч “Варан”(Уна Чаплин)-ыг гарч ирэх тоолонд үзэгчдийн сэтгэл түгшээхээр тэр айсуй.
Трэйлерт гарсан бидний танил торук, тулкуныг ч мартаж болохгүй. Торук 2009 онд “Аватар”-т эгэл хүн байсан Жэйк Салли(Сэм Уортингтон)-г навигийн гишүүн, тэдний удирдагч гэж хүлээн зөвшөөрүүлсэн домогт нэгэн. Тулкун бол меткайна овог, Лоак(Бритен Далтон)-тай зүрх сэтгэлээр гүн холбоотой далайн амьтан бөгөөд, Аватар цувралын сонирхолтой амьтдын нэг. “Аватар: Гал ба үнс” ангид аюулд учирсан Саллигийн гэр бүлийн өмнө эдгээр амьтан дахин гарч ирж юунд хэрхэн оролцохыг тааварлашгүй.
Аватар кино 2009 онд дэвшилтэт технологиор кино ертөнцөд хувьсгал хийж, дэлхий дахинаа 2.9 тэрбумын орлого олсноор 16 жилийн турш тэргүүлэгчийн байраа хадгалсаар байна. 2022 онд дараагийн “Avatar: Way of water” анги нь гарч мөн л дэлхий дахинд 2.3 тэрбумыг олж эхний 3-т урамтай орсон билээ. Тун удахгүй гурав дахь анги нь үзэгчидтэйгээ учран золгох гэж байна.
“Аватар: Гал ба үнс” кинондоо ой тойнд багтамгүй үзэл санааг шингээдэг найруулагч Жэймс Камерон өмнөх ангиас өөр аюул нүүрлэсэн Саллигийнхны түүх, цувралд анх удаа гарах үнсний овог, урьд нь ил болгоогүй Пандорагийн нууцаас дэлгэж хурц тод өнгө гэрэл, өмнө нь харж байгаагүй гал бутарсан тэмцэл тулааныг үзүүлэх шинэ Аватарыг танд бэлэглэхэд бэлэн болжээ.
“Аватар: Гал ба үнс” кино 12-р сарын 19-нд нээлтээ хийнэ.